Бараан хэрэм (Sciurus vulgaris) нь Sciurus төрөл буюу хэрэмийн нэг зүйл болно. Тэд Евразид өргөн тархан амьдардаг. Их Британи болон Ирландад Хойд Америкийн Саарал хэрэмийг (Sciurus carolinensis) нутагшуулсанаас болон энэ хэрэмний тоо толгой эрс буураад байгаа аж.[3]
Бараан хэрэм толгой биеийн урт 19-23 см, сүүл нь 15-20 см байх ба 250-340 гр жинтэй. Эрэгчин эмэгчин адил хэмжээтэй.
Жилийн улирал болон амьдрах бүсээс шалтгаалан арьсан хүрэмний өнгө өөр өөр байна. Хараас улаан хүртэл хэд хэдэн өнгө бий. Улаан зүсмийнх нь Их Британид голчлон нутагладаг.
Бараан хэрэмний хэвлий хэсэг нь үргэлж цагаан шаргалдуу өнгөтэй байна. Тэд жилд 2 удаа буюу өвөл зун арьсан хүрмээ солидог аж.
Тэд бусад хэрэмийн адил хурц, махир хумстай ба энэ нь модонд хурдан өгсөж уруудан авирахад зохицсон. Усанд сэлж чаддаг байна.
Үржлийн улирал өвөл орой, 2-3 сард, зун 6-7 сард болно. Нэг эмэгчин хэрэм жилд 2 удаа зулзагалах чадвартай. 38-39 хоног хээлээ тээж нэг удаад 3-4 зулзага, заримдаа 6 гарна. Зулзага төрөхдөө 10-15 гр жинтэй, нүд нь аниастай төрөх ба эх нь ганцаар асарж тэжээдэг. 21 хоноод бие нь үсээр бүрхэгдэн, нүдээ нээж дуу чимээ сонсож эхэлдэг аж. 42 хоноод шүд нь ургаж гүйцнэ. Энэ үеэс хатуу зүйлс идэж чадах ба үүрнээсээ гаран идэш тэжээл хайдаг. Гэсэн ч зулзаган хэрэмнүүд 8-10 долоо хонотол хөхөө хөхсөөр байдаг байна.
Байгальд буй бараан хэрэм 7 орчим наслах ба тэжээвэр нь 10 жил амьдардаг ажээ. Наслалт нь мөн хоол тэжээлийн олдоцоос хамааралтай ба 75–85% зулзаган залуу хэрэм эхний жилийн өвөлдөө үхэж үрэгддэг байна.[4]
Өдгөө нийт 40 гаруй дэд зүйл тогтоогдоод буй боловч зарим нь тодорхой бус юм. [5][6]
Бараан хэрэм (Sciurus vulgaris) нь Sciurus төрөл буюу хэрэмийн нэг зүйл болно. Тэд Евразид өргөн тархан амьдардаг. Их Британи болон Ирландад Хойд Америкийн Саарал хэрэмийг (Sciurus carolinensis) нутагшуулсанаас болон энэ хэрэмний тоо толгой эрс буураад байгаа аж.